The Universal House of Justice
Ridván 2015
To the Bahá’ís of the World
Dearly loved Friends,
Ризваны сүр жавхлант улирал тулан ирсэн энэ үед Агуу Их Алдарын нийгэмлэгийн хүрсэн өндөрлөгөөс харахуйд тод гэгээлэг төлөв тэнгэрийн хаяагаар зурайж харагдана. Асар хол замыг туулжээ: өсөлтийн шинэ хөтөлбөрүүд үүсч, ирэх арван хоёр сарын турш зуу зуун хөтөлбөр нэмэгдэх ёстойн зэрэгцээ Таван Жилийн Төлөвлөгөөний хугацаанд хүрэхийг зорьсон таван мянган кластерын бараг тус бүрт нь үйл ажиллагааны шаардлагатай хэв загварыг бий болгох хүчин чармайлт хэдийнэ эхлээд байна. Одоо буй хөтөлбөрүүд илүү хүчирхэгжиж, тэднээс нилээд нь кластер даяар болон аль нэгэн бичил хороолол эсвэл тосгоны нийгэм олны дунд Бурханы Үйл хэргийг өргөн дэлгэрүүлэх гэдэг нь ямар утгатай болохыг улам тодорхой харуулж байгаа юм. Тогтвортой бөгөөд өргөн далайцтай өргөжүүлэлт, бэхжүүлэлтэд хөтөлсөн зам мөрөөранд нөхөд бат тууштай алхаагаар замнаж байгаагийн дотор зоригт залуучууд алхаа хэмнэлийг нь тохируулж байна. Төрөл бүрийн орчинд Шүтлэгийн нийгмийг бүтээн босгогч хүч илрэн гарах арга замууд илүү тодорхой болж, кластерт өсөлтийн үйл явц улам бүр дэлгэрэн гүнзгийрч буйг илтгэх тэдгээр тодорхойлогч шинжүүд аажимдаа ялгаран тодорч байна.
Энэхүү ажлыг хэрэгжүүлж, дэмжих уриа дуудлага Бахауллагийн дагалдагч бүрт чиглэгдсэн бөгөөд гаслантай байдалд маш олон хүн тайвшрал олох боломжгүйгээр зовж шаналж байгаа дэлхий ертөнцийн олхиогүй хөөрхийлөлтэй нөхцлийг харан зүрх нь өвдөн шимширч буй хүн бүр энэхүү дуудлагад хариу өгөх нь гарцаагүй билээ.Учир нь, эмх замбараагүй нийгэмд улам төрөлжин олширч буй өвчин эмгэгт сэтгэл зовнисон сүсэгтэн хувь хүн бүрийн өгөх хамгийн бүтээлч хариу нь эцсийн дүнд Төлөвлөгөөний бүтцийн өргөн хүрээнд явуулах системтэй, шийдэмгий бөгөөд биеэ үл харамласан үйл ажиллагаа мөн. Өнгөрсөн жилийн хугацаанд олон улс оронд тухайн ард түмнийг уламжлалт маягаар нэгтгэн холбосоор ирсэн үзэл санаа, үнэт зүйлсийн талаарх нийт нийгмийн зөвшилцөл улам бүр үеэ элээж, барагдан дуусч байгаа нь олон янзын жишээнээс улам бүр тодорхой харагдах болсон билээ. Энэхүү зөвшилцөл нь хүмүүсийн дургүйцэл бухимдал ба гомдол хорслыг өөрийн ашиг сонирхолд ашигласан, үл тэвчигч, хүмүүсийн сэтгэл санааг хордуулагч зүйл бүрийн үзэл суртлуудын эсрэг найдвартай хамгаалалт болж чадахаа байжээ. Зөрчил тэмцэлд автсан дэлхий ертөнц өдрөөс өдөрт улам бүр өөртөө итгэлгүй болж байгаагийн хажуугаар хор хөнөөлт эдгээр номнолыг хөхиүлэн дэмжигчид харин улам зориг орж, увайгүйгээр даварч байна. Бид Агуу Дээд Бийрийн: “Тэд гэрэл хэмээн эндүүрэн Тамын Гал руу яаран тэмүүлж байна” хэмээсэн хатуу төгс айлдварыг эргэн санаж байна. Улс үндэстнүүдийн сайн санаат удирдагчид ба бүлэг хүмүүс нийгэмд гарсан илэрхий ан цавыг засах гэж хичээнгүйлэн оролдож, цааш газар авахуулахгүйг хичээвч хүчин мөхөсдөнө. Энэ бүхний үр нөлөө нь зөвхөн ил тод зөрчил тэмцэл ба эмх журмын нуралтаас харагдаад зогсохгүй ээ.Хөршийг хөршийнх нь эсрэг турхирч, гэр бүлийн холбоосыг тасалж байгаа үл итгэх байдал, нийгмийн хэлэлцүүлэг мэтгэлцээн хэмээх нэрийдлийн дор явагддаг олон төрлийн дайсагналцал, хүний ичгүүргүй доорд сэдлийг өөгшүүлэн дэвэргэх замаар эрх мэдэл олж авах юмуу эд баялаг хураахыг хэвийн зүйл мэт хүлээн авч байгаа байдлаас нийгмийг тэтгэн дэмжиж байдаг ёс суртахууны хүч эдүгээ туйлын их доройтон хоосорсон байгаагийн андашгүй шинж тэмдгүүд илэрч байна.
Гэвч задрал бутралын тэр үйл явцын дунд хүмүүн төрөлтөнд байх тэнгэрлэг бүхний бодит илрэл болсон шинэ төрлийн хамтын амьдрал дүр төрхөө олж байгаа гэсэн ухаарал нь итгэл найдвар төрүүлж байгаа билээ. Бид ялангуяа сургаалыг багшлах болон нийгэмлэгийг бүтээн босгох үйл ажиллагаанууд эрч хүчтэй явагдсаар байгаа тийм газруудад анд нөхөд үнэт эрч хүчийг нь сорж барагдуулдаг материализмын нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалж чадаж байгааг анзаарсан билээ. Үүгээр ч зогсохгүй, цаг хугацааг нь эзлэх бусад олон янзын хэрэгцээ шаардлагаа зохицуулах явцдаа тэд өмнөө буй ариун бөгөөд хойшлуулшгүй үүрэг даалгавраасаа хараагаа огтхон ч үл салгана. Үнэндээ Шүтлэгийн хэрэгцээ болон хүн төрөлхтний дээд ашиг сонирхолд ийнхүү анхааралтай хандах явдал нийгэмлэг бүрт шаардлагатай байна. Өмнө нь Шүтлэгт нээгдээгүй байж байгаад өсөлтийн хөтөлбөр эхлүүлсэн кластерт үйл ажиллагааны анхны идэвх хөдөлгөөн ч чин үнэнч сүсэгтний зүрх сэтгэл дэх Бахауллад зориулсан хайраас хэрхэн урган гарч байгааг бид харж байна. Нийгэмлэг өсөн тэлэхийн хэрээр илүү нарийн төвөгтэй бүтэц аажимдаа бий болох ёстой хэдий ч бүхий л үйл ажиллагаа энэхүү хайрын энгийн ширхэг утаснаас урган үүсдэг билээ. Энэ бол хүүхэд багачууд, залуучууд болон насанд хүрэгсдэд оюун санаанлаг үзэл санаануудыг танилцуулах, мөргөл залбиралд зориулагдсан цуглаан уулзалтаар сүсэг бишрэлийн уур амьсгалыг хөхиүлэн дэмжих, ухаарал ойлголт төрүүлсэн утга учиртай харилцан яриаг өдөөх, Бурханы Бүтээлч Үгийг амьдралынхаа туршид судалж, үйл хэрэг болгох замналд улам улам олон хүнийг урин залах, үйлчлэх чадавхаа бусад анд нөхдийн хамтаар хөгжүүлэх, сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд бие биенээ дагалдан халамжлах талаар мөчлөгөөс мөчлөгт явагдах тэвчээртэй бөгөөд эрч хүч төвлөрсөн хүчин чармайлтын хэв загвар нэхэгдэн сүлжигдэх тэрхүү амин чухал утас мөн. Эрхэм хайрт анд нар аа, Абха-н Гоо Жавхлангийн хайрт нар аа: Түүний Ариун Босгоны өмнө бид очих бүртээ Түүнд зориулсан хайр тань Түүний Үйл хэрэгт амь амьдралаа зориулах хүч тэнхээг та бүхэнд өгөх болтугай хэмээн бид чин сэтгэлээсээ хүсэн залбирдаг юм.
Нийгэмлэгийн амьдралын оргилсон амьд эрч хүч нь олон тооны хүнийг багтаасан кластеруудаас мөн тэдгээрийн доторх эрчимтэй үйл ажиллагааны төвүүдээс урган гарч байгаа баялаг сургамж туршлагуудыг энд онцгойлон дурдах нь зүйн хэрэг. Найз нөхөрлөл ба номхон даруу үйлчилгээнд суурилсан бие биеэ харилцан дэмжих соёл эдгээр бичил хороодод аяндаа бий болж, улмаар энэ нь олон олон хүнийг нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээнд системтэйгээр багтаан оруулах боломжийг хангаж байгааг харахдаа бид баяртай байна. Үнэндээ, улам олон газар явагдаж буй шинэ нийгмийн талаарх Бахауллагийн зөн хараа руу тэмүүлсэн хүн амын хөдөлгөөн нь зөвхөн сэтгэл хөдөлгөмөөр алсын төлөв төдий биш харин аажимдаа илрэн тодорч буй бодит байдал болж байна.
Орчин тойронд нь илт мэдэгдэхүйц хөгжил хараахан гараагүй байгаа ба өөрчлөлт гарахыг чин сэтгэлээсээ хүсч байгаа тэдгээр анд нарт хандан хэлэх хэдэн үг байна. Итгэж найд. Байдал үргэлж ийм байхгүй ээ. Өчүүхэн даруухан байдлаар эхэлсэн боловч эцэст нь гайхалтай үр дүнд хүрсэн жишээгээр Шүтлэгийн маань түүх дүүрэн биш гэж үү? Хөгшин залуу хамаагүй цөөн хэдхэн сүсэгтэн, эсвэл ганцхан гэр бүл, эсвэл бүр ганцхан хүний ч бай үйл бүтээл нь тэнгэрлэг тусламжийн хүчээр баталгаажиж, улмаар анхандаа найрсаг дулаан бус санагдаж байсан нутаг орчинд ч эрч хүчтэй цоглог нийгэмлэгийг байгуулахад амжилтанд хүрсэн тохиолдол хичнээн их байдаг билээ? Та нарын нөхцөл байдал үүнээс огт өөр гэж хэмээн бүү төсөөлөгтүн. Хялбар түргэн гарсан ч бай, удаан хугацааны хөлс хүч шаардсан ч бай, аливаа кластерт гарах хөгжил өөрчлөлт нь аль нэгэн тогтсон томъёог дагаснаар гардаггүй, тохиолдлын чанартай төлөвлөгөөгүй үйл ажиллагаанаас ч гардаггүй ээ. Энэ нь үйл ажиллагаа- эргэцүүлэл- зөвлөлдөөний хэмнэлээр, бодит туршлагын үр жимс болсон төлөвлөгөөнөөс хүч түлхэц аван явагддаг байна. Энэ бүхний шууд үр дүн нь ямар байхаас үл хамааран үүний цаана Хамгаас Хайртад зориулсан үйлчилгээ нь чухамдаа өөрөө хүний оюун санаанд хувиршгүй баяр хөөр төрүүлэх эх үүсвэр болдог билээ. Мөн Шүтлэгийн Өлгий нутаг дах оюун санааны ахан дүүсийнхээ үлгэр жишээнээс, тэдний бүтээлч хандлага, нийгэмлэгийнх нь сэтгэлийн тэнхээ, Тэнгэрлэг Үгийг тууштай түгээж байгаа байдал тухайн нийгэмд нь бодол сэтгэлгээ болон бодит үйлдлийн түвшинд хэрхэн өөрчлөлт авчирч байгаагаас урам зориг авагтун. Бурхан та нартай хамт, хүн нэг бүртэй чинь хамт. Өнөөгийн Төлөвлөгөөний үлдэж буй арван хоёр сарын хугацаанд нийгэмлэг бүр өнөөгийн түвшнээсээ илүү өндөр дараагийн түвшинд хүрэх болтугай.
Юу юунаас ч чухал өргөжүүлэлт, бэхжүүлэлтийн ажил нь бусад олон салбарт дэлхийн Бахайн нийгэмлэгийн хэрэгжүүлж байгаа хүчин чармайлтанд бат бөх үндэс суурийг тавьж өгч байна.Тухайлбал, Дэлхийн Бахайн Төвд бүхий л хүн төрөлхтний тусын тулд хадгалан хамгаалж байгаа хязгааргүй үнэт өв болох манай Шүтлэгийн Ариун Бичвэрүүдийг агуулсан мянга мянган Илгээлт бичгүүдийн агуулгыг системтэй ангилалд оруулан индексжүүлэх ажил эрчимжиж байгаа бөгөөд ингэснээр Сургаал бичвэрийн ботиудыг төрөлх хэлээр нь болон англи орчуулгаар нь хэвлэн нийтлүүлэх явцыг түргэсгэх юм. Бурханыг алдаршуулах ариун Сүмүүд болох найман Машрикул-Аскарыг бүтээн босгох хүчин чармайлт хурдацтай үргэлжилсээр байна. Үндэсний түвшин дэх гадаад хэргийн ажил үр бүтээлтэй байдлын хувьд илэрхий нэмэгдэн улам системтэй болж ирсэн бөгөөд зургаан сарын өмнө Үндэсний Оюун Санааны Чуулгууд руу илгээсэн сүүлийн хорин жилд хуримтлагдсан арвин туршлага дээр тулгуурлан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны илүү өргөтгөсөн хэв загварыг толилуулсан баримт бичиг гарсан нь энэ ажлыг улам өдөөж өгсөн байна. Үүний сацуу Олон Улсын Бахайн Нийгэмлэгийн Нью-Йорк, Женев хотноо байдаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх алба болон Брюссель хот дахь алба дээр нэмэгдэн Аддис Абабад мөн Жакартад шинээр оффисууд нээгдсэн нь Африк тив ба зүүн өмнөд Азийн бүс нутагт олон улсын түвшинд Бурханы Үйл хэргийн үзэл баримтлалыг санал болгох боломжийг тэлэн нэмэгдүүлсэн билээ. Ихэнхдээ өсөлтийн хэрэгцээ шаардлагаас үүдэж, Үндэсний олон Чуулга засаг захиргааны чадавхиа хөгжүүлж байгаа нь тэдний өөрт байгаа хөрөнгө нөөцөө бодлоготойгоор зохицуулж байгаагаас, нийгэмлэгийнхээ нөхцөл байдлыг дотно мэддэг болохыг хичээн чармайж байгаагаас, мөн Үндэсний Оффисын үйл ажиллагааг илүү бэхжүүлэхэд анхаарлаа хандуулж байгаагаас нь харагдаж байгаа бөгөөд энэ чиглэлээр хуримтлагдаж буй урам хайрласан их мэдлэг туршлагыг системчлэх хэрэгцээг хангахын тулд Дэлхийн Төв дээр Захиргааны тогтолцоог хөгжүүлэх Оффисыг байгуулаад байна. Нийгэмд чиглэсэн төрөл бүрийн санаачлагууд олон оронд улам олширсноор Сургаал бичвэрт агуулаастай мэргэн ухааныг хэрхэн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад ашиглаж болох талаар илүү их сурах боломжийг олгож байна. Энэхүү талбар нь маш их ирээдүйтэй байгаа тул бид Нийгэм эдийн засгийн хөгжлийн Албанд зөвлөх долоон гишүүнтэй Олон улсын Зөвлөл байгуулсан нь тус Албаны хөгжил хувьслын дараагийн үе шатыг авчирч байгаа юм. Уг Зөвлөлийн гурван гишүүн нь мөн Албаны зохицуулах баг болон Ариун Газарт суурьшиж үйлчлэх юм.
Ризваны энэ мөчид дүгнэн үзэхэд, хийх зүйл их байгаа хэдий ч, түүнийг хийхэд олон анд нөхөд бэлэн байгааг бид харж байна. Мянга мянган кластер, бичил хороолол болон тосгодод сүсэг бишрэл ба итгэл зоригийн цэнгэг булаг оргилж, амьдрал хайрлагч рашаанаас хүртэгсдийн оюун санааг баясган цэнгүүлж байна. Булгийн ус нь олон газар жигд дөлгөөн урсгалтай горхи болсон бол зарим газар аль хэдийнэ гол мөрөн болжээ. Ямар ч хүний хувьд одоо эрэг дээр саатан алгуурлах цаг мөч биш ээ. Урагш давшлах хүчирхэг давалгаанд нь бүгдээрээ шумбан нэгдэх болтугай.
- The Universal House of Justice